Бид юу хийдэг вэ?
Хувь хүн нийтийн эрх ашгаас дээгүүр өөрийн хүслээ тавьдаг, амьдралаас зөвхөн таашаал авахыг туйлын зорилгоо болгодог хэт аминч үзлийн нөлөөнд өнөөгийн хүүхэд залуус маань өсөн бойжиж байна. Бусдын эрхийг хүндэлдэг, доройг энэрдэг ёс суртахууны үнэт зүйлд тулгуурласан сайн зан чанарыг хүүхдэд төлөвшүүлэхгүйгээр хүнлэг, шударга ирээдүйн иргэд өөрөө аяндаа бий болохгүй. Тиймээс эцэг эх багш нар хүүхдэд багаас нь зөв хандлага, харилцааны ба эрүүл амьдралын дадлыг хэр сайн эзэмшүүлнэ, төдий чинээ амжилттай баталгаатай нийгмийг тэд бүтээх нь гарцаагүй. Энэ зорилгод хөтлөгдөн бид 2013 оноос хойш хүүхдэд зан чанар харилцааны дадал эзэмшүүлэх “Сайн Хүүхэд” хөтөлбөрийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж ирлээ. Өдгөө Ерөнхий Боловсролын арван найман сургуулийн 7000 орчим сурагчид, 400 гаруй багш, 1200 ээж, 1000 гаруй аав нарыг хөтөлбөртөө хамруулан ажиллажээ.
Хөтөлбөрт хамрагдсан сурагчид Сайн Үйлс аяны хүрээнд сурч эзэмшсэн сайн зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлдэг. Тэд бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй асрах газрын багачууд, өндөр настанд бодит тусламж үзүүлэх, мөн өөрсдийнх нь төлөө хариуцлага хүлээн өдөр бүр хичээнгүйлэн ажилладаг багш, сургуулийн удирдлага, цэвэрлэгч, манаач гээд олон хүнд талархлын захиа бичиж, урмын үгээр дэм өгч байдаг. Мөн орон нутгийн удирдлага, хүн ардынхаа эрүүл энх, амар амгалан байдлын төлөө чин сэтгэлээсээ ажилладаг эмч сувилагчид ба цагдаагийн албан хаагчдад чин сэтгэлийн үгтэй мэндчилгээг өөрсдөө урлаж ажлын байранд нь авчран өгч, сэтгэлийн урам хайрладаг. Хөтөлбөрийг дүүргэсэн хүүхдүүд сайн үйлсийн олон аянд хамрагдаж, сайхан үйлс бүтээж, түүнийхээ утга учир, баяр хөөрийг мэдрэхийг чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг болсон нь бидний нөр их хөдөлмөрийн бахархал болдог билээ.