• Сошиал хаягууд

Багш нар

Д. Цэнд–Аюуш
Д. Цэнд–Аюуш

"Сайн иргэн Сайн ирээдүй НҮТББ-ын гүйцэтгэх захирал

Улсын хөгжил иргэнээсээ

Иргэний хөгжил гэр бүлээс эхтэй.

Өнгөрсөн хориод жилийн турш миний хувьд хүүхэдтэй ажиллахдаа,  гэр бүлийн орчин, харилцааны уур амьсгал бяцхан үрсэд минь юутай чухал болохыг харж ойлгосон юм. Эцэг эхийн халуун дулаан хайрын харилцаанд өссөн хүүхэд өөртөө итгэлтэй, бусадтай харилцахдаа эерэг, аливаа зүйлийг сурч мэдэх хүсэлтэй болж төлөвшдөг. Ийм хүүхэд цэцэрлэг, сургууль, дэлхийн хаана ч тэр, ер нь л байгаа газар бүрдээ эерэг сайн харилцааг бий болгож байдаг бол хайрын харилцаанд өсөөгүй хүүхэд өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй, харилцаа зан чанарын асуудалтай, айдастай, өөртөө итгэлгүй нэгэн болдог. Тэгэхээр хүүхдийн боловсрол авах хамгийн анхны танхим бол гэр бүл, анхны багш бол эцэг эх та юм шүү. Хүүхэд эцэг эхийнхээ үйлдэл, зан чанар, харилцааг даган дууриаж, өөрийгөө бий болгодог. Тиймээс манай хөтөлбөрийн нэг онцлог хүүхэдтэй ажиллахаас гадна аавуудад, ээжүүдэд зориулсан тусгай сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэн гэр бүлтэй нь хамтран ажилладагаараа давуу талтай. Монголын залгамж ирээдүй болсон хүүхэд бүр өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй, бусдыг хүндэлдэг, сурч мэдэх оргилуун хүсэлтэй, үнэнч шударга, хөдөлмөрч төлөвшсөн иргэн болж өсөөсэй. Ийм иргэдтэй улс хөгжиж, цэцэглэх нь дамжиггүй. Хүүхэд нэг эрдэнэ Хүмүүжил мянган эрдэнэ гэдгийг санаж, тэвэрт ирсэн аз жаргалаа эцэг эх та нандигнаж өсгөөрэй.

З. Нарангэрэл
З. Нарангэрэл

Сайн Хүүхэд хөтөлбөрийн багш

Хүүхдэд үлгэрээр дамжуулж сайн зан чанарыг өвлүүлнэ.

Энэ бол өөрт байгаа сайн сайхан бүхнээ хүүхдэд зориулж ирсэн З.Нарангэрэл багшийн зүрхний хүсэл. “Яавал хүүхэд бүрийг  аз жаргалтай, зөв төлөвшилтэй,  сувд мэт нандин зан чанартай болгох бол” гэсэн салшгүй бодлых нь биелэл өнөөдөр түүнийг нийгмийн ажилтан мэргэжилтэй болгосон. Эвсэг найрсаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй З.Нарангэрэл багшид олон шавь бий. Тэрбээр 2013 оноос хойш “Сайн хүүхэд” хөтөлбөрийн багшаар ажиллаж, хүний сэтгэлийн гоо сайхан гэж юу болох, түүгээр амьдралыг хэрхэн үзэсгэлэнтэй бөгөөд гэрэлтсэн болгож болдогийг өсвөр насны хүүхдүүдэд хичээнгүйлэн заасаар байна.  “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай Нараа багшаараа Налайхын багачууд маш их бахархдаг.  Хүүхэдтэй ойрхон ажилладаг хүмүүсийн сэтгэл үргэлж цэл залуугаараа байдаг нь ч түүний амьдрал ахуйгаас тодхон харагддаг юм. Чөлөөт цагаараа дэлхийг тойрон аялагчдийн сонирхолтой тэмдэглэлийг шимтэн үзэж, хөвгүүдтэйгээ төрөл бүрийн картан тоглоом тоглож өнгөрүүлэхдээ тун ч дуртай нэгэн.

“Сайн иргэн Сайн ирээдүй” ТББ-ын  алсын хараа, хүүхдийн төлөөх сургалтын хөтөлбөр нь ирээдүйн зөв хүний төлөө, эрүүл гэр бүлд хүүхэд бүр аз жаргалтай өсөж, улс эх орондоо хэрэгтэй сайн иргэн болгоход оршдог. Тийм ч учраас З.Нарангэрэл багш өөрийн  хүсэл мөрөөдлийг энэ л байгууллагадаа өнөөдөр бодитоор биелүүлэн ажиллаж байна. “Ажилдаа  чин сэтгэлээсээ хандаж, хайрлан хүндэлж бүр дурлаж ажилладаг хүн гэвэл  гарцаагүй З.Нарангэрэл багш” гэж хэлэх хүн олон бий. Хүүхэд бүрийг онцгой нандин гэдгийг өөрт нь ойлгуулж, тэдэнд сайн зан чанарын зөв суурь, боловсрол олгох нь хичнээн чухал болохыг тэрбээр олон ч талаас нь бодож түүнийхээ төлөө ч өөрийгөө бүрэн зориулж ажилладаг. З.Нарангэрэл багш өнөөдөр олон хүүхдийн амьдралд гэрэл асааж,  сайн зан чанар хэмээх түлхүүрийг атгуулсан нэгэн билээ.

Б. Мөнгөнцэцэг
Б. Мөнгөнцэцэг

“Сайн Хүүхэд” хөтөлбөрийн багш

Хүүхдийн хүсэл мөрөөдлийг хурцалж, өнгөлөх шиг сайхан зүйл надад үгүй

“Сайн Иргэн Сайн Ирээдүй” ТББ-ын “Сайн Хүүхэд” хөтөлбөрийн багшаар долоо дахь жилдээ амжилттай ажиллаж яваа манай шилдэг багш нарын нэг  бол Б. Мөнгөнцэцэг багш. Хүүхэд бүрийн онцгой зан чанарыг мэдэрч, тэдний зүрх сэтгэлтэй холбогдож, улмаар хамгийн дотны хүн нь болно гэдэг тийм ч амар хийх ажил яавч биш. Ёстой л хүүхдийн төлөө өөрийн амьдралын бүхий л цаг хугацааг зориулахыг хүссэн нэгний зүрхний тэмүүлэл байдаг. Б.Мөнгөнцэцэг багш бол хүүхэд бүрийн онцгой эрхэм чанарыг өнгөлж, амьдралын  ховор эрдэнэ байлгахыг хүсдэг ховорхон мөрөөдөлтэй эмэгтэй. Чөлөөт цагаараа ном унших, хүмүүстэй уулзаж ярилцах тун ч дуртай түүний нягт нямбай, зохион байгуулалттай, тэвчээртэй, тууштай гээд сайн сайхан зан чанаруудыг тоочоод баршгүй. Багаасаа багш болохыг мөрөөддөг байсан мөрөөдлөө өнөөдөр бодитоор биелүүлж, хүүхдүүдтэй өдөр бүхнийг Б.Мөнгөнцэцэг багш аз жаргалтайгаар өнгөрүүлдэг. “Томчууд ихэнхдээ хүүхдүүдээс төвөгшөөдөг. Харин миний хувьд амьдралынхаа ихэнх цаг хугацаа, орон зайг тэдэнтэй хамт байхад зориулахыг хүсдэг. Хүүхдүүдтэй ярилцана гэдэг үнэхээр гайхамшигтай. Тэдэнтэй ойр дотно байж, өөрийн амьдралыг илэн далангүй хуваалцаж, зааж сургаж, зөвлөгөө өгөхдөө би жаргалтай байдаг. Хүүхдүүдийн сайн найз байхыг хүсдэг учраас энэ ажил надад маш их таалагддаг. Олон хүүхдэд амьдралын ухааныг зааж сургах хүсэл минь намайг энэ хүртэл хөтөлжээ. Хүүхдийн зүрх сэтгэлд үлдсэн сайн багш байхыг л би хүсдэг дээ” гэж ярих Б.Мөнгөнцэцэг багшаар бахархахгүй байхын аргагүй.

Д. Өлзийхишиг
Д. Өлзийхишиг

“Сайн хүүхэд” хөтөлбөрийн сэтгэл зүйч, багш

Хүүхэд итгэл найдварыг хамгийн түрүүнд эцэг эхээсээ авдаг

Итгэл гэж юу болохыг мэдэхгүй, өөрийн итгэлгүй байдлаа өсвөр бага наснаасаа мэдэрч өссөн ч уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр хүний дотор орших тэрхүү хамгийн үнэ цэнэтэй зүйлийг олж авсан хүн бол “Сайн иргэн Сайн ирээдүй” ТББ-ын Сайн хүүхэд сургалтын багш, сэтгэлзүйч Д. Өлзийхишиг юм. Тэр бол олон хүүхдийн зүрх сэтгэлд өөртөө итгэх итгэл хэмээх гайхамшигтай үнэ цэнийг шигтгэж, ирээдүйн амьдралд нь маш том хөрөнгө оруулалтыг хийж яваа алт шиг багш нарын нэг.  Хүн туулж мэдэрч үзээгүй зүйлээ бусдад зааж сургана гэдэг бараг байж боломгүй юм. Онол хэдий чухал ч  гэлээ хэн нэгний явсан зам, давж чадсан бэрхшээл бүр хожим томоос том туршлага болж, бусдын амьдралд үр өгөөжөө өгдөг жамтай. Тийм ч учраас Д. Өлзийхишиг багшийн өсвөр насандаа амссан “өөртөө итгэлгүй” байхын хэцүү нэг талаар түүнийг хурцалж, “Ирээдүйд би хүүхдүүдийн төлөө ажилладаг, тэдний хамгийн сайн туслагч, дотны сайн найз нь байх болно” гэсэн далдхан хүслийг зүрх сэтгэлдээ тээх шалтгаан болжээ. Харин Д.Өлзийхишиг багшийн энэ бодол, тэмүүлэл нэг л мэдэхэд бодит амьдралд биелэлээ олж эхэлсэн байна. Долоон жилийн өмнө “Сайн иргэн Сайн ирээдүй” ТББ-д сэтгэлзүйч,  багшийн ажилд орж, тэр цагаас хойш хүүхдийн төлөө хийхийг мөрөөдсөн бүхнээ биелүүлж явна. Хүүхдийн сэтгэл зүйг судалж, улмаар тэднийг танин мэдэж, ойлгох гэдэг гайхамшигтай сайхан ажлын нэг. Хэцүүхэн амьдрал туулж яваа бяцхан хүүхдүүдтэй уулзах бүрдээ Д. Өлзийхишиг багш тэдэнд ирээдүйд хамгийн чухал “өөртөө итгэх итгэл” гэж юу болохыг ойлгуулах гэж яарна. Өөрийн үнэ цэнээ ойлгож, ухаарсан хүүхдэд сайн сайхан зан чанарыг төлөвшүүлэх шиг нандин зүйл багш хүнд үгүй. Сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, бусдыг ойлгож, дэмжин туслахыг эрхэмлэдэг  залуухан багш бүсгүй маань бага насны хүүхдүүдтэй ажиллаж, хамт тоглож, тэднийг ажиглан судлах тун дуртай. Тийм ч учраас түүний чөлөөт цаг хөөрхөн хүүхдүүдтэй тоглох, ярилцах, дуу хөгжим хамтдаа сонсоход ихэвчлэн төлөвлөгддөг байна. “Хүүхэд бүхэн аз жаргалтай, баяр хөөртэй, хайрлагдсан үнэ цэнэтэй гэдгээ мэддэг байгаасай. Үүний төлөө би чадах бүхнээ хийхийг хүснэ. Бас  аав ээж, эмээ өвөө, хүүхдүүд  хамтдаа  тоглодог олон тоглоом хийж гэр бүл бүхэнд хүргэхийг хүсэж байна”   гэсэн эгэл даруухан багшийн энэ мөрөөдөл тун удахгүй биелэх болтугай.

Б. Батзаяа
Б. Батзаяа

Сайн хүүхэд хөтөлбөрийн багш

Хүүхэд бүхэн хайрыг мэдрээсэй!

“Өнөөдөр хүүхдүүд бие биенээ гадаад байдал, өмссөн зүүсэн зүйлсээрээ, мөн гэр бүлийн амьдралын түвшингөөрөө ялгаврлан гадуурхагдаж байгаа  харагддаг. Энэ зүйлээс болоод хүүхдүүд өөрийгөө голж эхэлдэг. Сэтгэл санааны хямралд дарамтанд ордог. Үнэндээ гол эрдэнэсээ дотроосоо олоод авсан цагт энэ бүхэн чамд өчүүхэн саад төдий харагдах болно”

Энэ бол “Сайн иргэн Сайн ирээдүй ТББ” –ын “Сайн хүүхэд” хөтөлбөрийн багш Б. Батзаяагийн хүн бүхэнд хэлдэг, амьдраасай гэж хүсдэг зүрхний хүсэл. Тэрээр  “хүүхэд бүр цор ганц, дахин давтагдашгүй онцгой, тэдний дотор хамгийн үнэтэй эрдэнэс нуугдсан байдаг” гэдгийг хэн бүхнээс илүү мэдэх нэгэн. Яагаад гэвэл тэр хүүхэд насандаа амаргүй даваа нугачааг туулсан юм.   Харин “бэрхшээл бүрийн ард бэлэг” түүнийг угтаж байсан гэхэд болно. Хүүхэд насандаа ахадсан амьдралын хүндхэн асуудлууд Б.Батзаяа багшийг “хүүхдийн сайн сайхан байдлын төлөө” ажиллах хүсэл зоригийг маш ихээр хурцалсан байна. “Хүн бүр цор ганц, дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй онцгой” гэдгийг  энэ нийгэмд, томчуудад бас багачуудад ойлгуулахыг, өөрсдийнх нь дотор хичнээн ховор алмаз эрдэнэ байдгийг харуулахсан” гэсэн  чин хүсэл нь түүнийг “Сайн иргэн – Сайн ирээдүй” ТББ – руу хөтөлсөн юм.  Чөлөөт цагаараа алхах дуртай. Эрч хүчтэй, зөөлөн сэтгэлтэй, эелдэг, бусдыг урамшуулан зоригжуулдаг сайхан зан чанартай залуухан багш эмэгтэй өдгөө “Сайн хүүхэд” хөтөлбөрийн багшаар дөрөвдэх жилдээ ажиллаж байна. Хайр халамж дутагдсан хүүхдийг хараад сэтгэл нь өвддөг Б.Батзаяа багшийн “Хүүхэд бүхэн хайрыг мэдрээсэй” гэсэн хүсэл энэ нийгэмд биелэлээ олох болтугай.

Г. Төмөрцэцэг
Г. Төмөрцэцэг

Сайн хүүхэд хөтөлбөрийн багш

“Сайн хүүхэд” хөтөлбөрийн багш Төмөрцэцэг нь бага наснаасаа л багш болох мөрөөдөлтэй байсан. 6-р ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдийг суулгаж байгаад багш болж хичээл заадаг байж. Гурван хүүхдийн ээж болсон түүнд хүүхдүүдээ сурган хүмүүжүүлнэ гэдэг огтхон ч тээртэй биш ажээ. Бусад хүмүүсээс илүү хүүхдүүдтэйгээ эвлэгхэн харилцаж, аргыг нь олж аль хэдийнээ найз болчихсон байдаг нь түүнд өгөгдсөн багшийн өгөгдөл гэлтэй.

Хүүхдүүдийг ойлгож, тэдэнтэй ярилцаж, хамтдаа цагийг өнгөрөөх нь түүний чин хүсэл аж. Түүнийг үргэлж хүүхдүүд хүрээлдэг. Угийн сэргэлэн, нийтэч, хөгжилтэй занд нь түүнтэй уулзсан хүүхэд бүр татагддаг. Тийм болохоор хүүхдүүд түүний найзууд байдаг.

2002-2015 оны хооронд Төрийн бус байгууллагад ажиллахдаа мөн л хүүхдүүдийг соён гэгээрүүлэх их үйлсэд ханцуй шамлан орж олон олон хүүхдүүд, эцэг эхчүүдэд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж арвин туршлага хуримтлуулсан. Мөн Эрдэнэтийн Гэр бүлийн радио 104.0 -ийн хөтлөгч, сургагч багшаар ажиллан төрийн байгууллагуудад олон нөлөөллийн сургалтуудыг зохион байгуулж байсан нь мөн л хүүхэд, гэр бүлийн төлөөх халуун сэтгэлээс нь үүдэлтэй.

Өнөөгийн гэр бүлүүдэд тулгарч буй гэр бүлийн зөрчилдөөн, хүчирхийлэл, салалт зэрэг тулгамдсан асуудлуудад өөрийн дуу хоолойгоо өргөж, хохирч буй хүүхдүүдэд тусалж, эх орондоо хувь нэмрээ оруулах чин хүсэл нь түүний хүүхдийн төлөө ажиллах олон шалтгааны нэгээхэн хэсэг ажээ. Ийм л сайхан сэтгэлтэй, өөдрөг хүсэл мөрөөдөлтэй энгийн нэгэн эмэгтэй агуу их мөрөөдлөө биелүүлэхээр бидний нэг болсон юм даа.

Төмөрцэцэг багшийн маань зүрхэн дэх агуу хүсэл мөрөөдлүүд биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүний зааж сургасан олон мянган шавь багшийнхаа хүсэл мөрөөдлийн үргэлжлэл байх болно.


Б. Дэжид
Б. Дэжид

“Сайн хүүхэд” хөтөлбөрийн багш

“Сайн хүүхэд” хөтөлбөрийн багш Дэжид нь “Улаанбаатар Эрдэм” их сургуулийг Бага Боловсролын Багш мэргэжлээр төгссөн. Нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг өнөр өтгөн гэр бүлийн сайн эхнэр, сайн ээж билээ.

Хүүхэд байхаасаа л хичээл номдоо сайн тул ангийн шилдэг сурагч болж багш нарын хараанд үргэлж өртдөг хүүхэд байсан ажээ. Ямар ч номыг шимтэн уншиж, уншсан номынхоо ертөнцөөр аялснаар эргэцүүлэн шүүн тунгаах, хийсвэрлэн төсөөлөх чадварт нь сайнаар нөлөөлсөн байна. Тиймээс юм бичих нь түүний далд авьяас болж байсан бол нас нэмэхийн хэрээр ном бичих хүсэл мөрөөдөл түүнийг эзэмдсээр байгаа ажээ. Уншиж, бичихээс гадна зураг зурах, гар урлал хийх урлагийн авьяас түүний бас нэгээхэн өгөгдөл билээ. Багш хүнд л байх цогц авьяас түүнд л заяагдсан гэлтэй.

Багш болох хүсэл мөрөөдөл аль эрт хүүхэд байхад л номоор дамжуулан түүнийх болж. Бага байхын сурч, хөгжих хүсэлтэй түүнд ээж болсон хойноо ч өөрийгөө зэврүүлэлгүй уйгагүй хөгжих боломжийг юу ч чөдөрлөж чадаагүй ажээ.

Бага байхаас нь төлөв даруу, ухаалаг, хариуцлагатай зан чанар түүнийг дагалдах чимэг болсон байна. Олон хүмүүс багш болохоос айж зугтдаг атал Дэжид багш маань ядарч цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөдөг. Түүнтэй уулзсан хүүхэд бүр түүний зүрхэнд хадгалаастай. Хүний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь уг хүний нягт нямбай, хичээнгүй, өр зөөлөн занг илтгэнэ.

Хүн даах хэмжээний зовлонг үүрдэг гэдэг шиг 2005 онд төрсөн том охин нь хөгжлийн бэрхшээлтэй төржээ. Гэсэн ч охин үрээ хайрлах эхийн хайр, тэсвэр тэвчээр, халамжит ханийнхаа ачаар өдий хүртэл хатуухан хорвоог туулсаар явна.

Амьдралын хүнд хэцүүд нугаралгүй зогсох энэ л ээж, охиныхоо адил өвдөж зовсон бэрхшээлтэй хүүхдүүд, болон зовлонг нь хамт үүрэлцэж буй ар гэр бүлд нь туслах чин хүслийг өөртөө тээжээ.

     “Олон хүүхдүүдэд урам өгч , хүсэл мөрөөдөлтэй болгож, зорилго тэмүүлэлтэй ирээдүйн сайн иргэн болгож хөгжүүлэх нь миний мөрөөдөл билээ” гэж хэлэх Дэжид багшаар бахархахаас өөр аргагүй билээ.