Эцэг эхийн хөгжлийг дэмжин "Хүүхэд хүмүүжлийн арга", "Ээж хүний үг хэл хэрхэн хүүхдэд нөлөөлдөг вэ?", "Хүүхдээ урамшуулан чиглүүлүүлж, цагаа зориулдаг аав" сэдэвт сургалтыг Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Алаг-Эрдэнэ суманд тус тус амжилттай зохион байгуулаад ирлээ. Сургалтад тус аймгийн “Авъяас”, “Сод-Эрдэм” сургуулийн 4-12 дугаар ангийн сурагчдын аав ээж, мөн Алаг-Эрдэнэ сумын нийт 200-аад эцэг эх хамрагдсан бөгөөд тун өндөр сэтгэгдэлтэй үлдсэн юм. Учир нь хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо асар их байдагтай санал нэгдэж энэ сэдвээр тасралтгүй сурах хэрэгцээ байгаагаа бидэнд илэрхийлээд зогсохгүй сургалтын цагийг уртасгах, давтамжийг ойртуулах саналтай байгаагаа мөн хуваалцлаа.
Түүнчлэн олон эцэг эх мэддэг хэрнээ хийдэггүй сайн зүйлсээ хэрэгжүүлэхэд уриалагдан шийдвэр гаргасан бөгөөд зарим нэг жишээг энд дурдъя.
“Сод-Эрдэм” сургууль, ээж нарын сургалтын сэтгэгдлээс:
- Өнөөдрөөс эхлээд хүүхдээ өөр хүүхэдтэй харьцуулахгүй, эелдэг харилцаж, үгийг нь сонсоно. Хийж буй ажилдаа хамруулж, адил тэгш хандана.
- Дандаа сайн үг хэлж байя, хүүхдийнхээ сайн зөвлөгч чиглүүлэгч нь байна.
- “Сод-Эрдэм” сургууль, аав нарын сургалтын сэтгэгдлээс:
- Хүүхдээ урамшуулж, элдэв нэр хочоор дуудахгүй байх болно
- Хүүхдэдээ урам хайрлах сургалтыг бүх эцэг эхчүүдэд заамаар байна.