Номын төрөл: Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, дотоод санаа зовнил, түгшүүрээ ойлгож, гадагш илэрхийлэхэд туслах зорилгоор 7-12 насны хүүхэд, эцэг эхтэй ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан бичсэн шилдэг борлуулалттай зурагт ном.
Номын тухайд: Санаа зовнил гэдэг бол хүн бүрд их бага хэмжээгээр байдаг. Томчууд бид хүүхэд юм чинь санаа зовох зүйл байхгүй гэж андуурдаг. Яг л энэ номын гол дүр Жэнни охинд тохиолдож байгаа шиг сайхан аав ээж, сайн ах, нохой, сургууль, багш гээд бүгд байхад юунд нь санаа зовдог байна аа гэж хардаг. Энэ бол томчууд бидний хүүхдийн талаарх нийтлэг дүгнэлт юм.
Энэхүү номоор дамжуулан хүүхдэд амьдрал үргэлж эерэг байдаггүй асуудал тохиолддог бөгөөд үүнийг дотроо хадгалан удаан явах нь хүмүүстэй харилцах харилцаа, суралцах үйл явц, сэтгэл санаа болон эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлдөг болохыг таниулах боломжтой. Мөн асуудлаасаа нуугдаж, үл тоомсорлож болохгүй бөгөөд ингэснээр шийдэгдэхгүй үлддэг. Заримдаа бид өөрт хамааралгүй зүйлд ч санаагаа чилээн шаналсан байдаг. Тиймээс өөрийг нь ойлгодог, итгэл даах хэн нэгэнтэй хуваалцах нь чухал гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахад туслах ном юм.
Зохиогч “Санаа зовнилын том цэнхэр цүнх” гэх бодит дүрслэлийг ашиглан асуудлаа шийдэхгүй удаан явах нь хүнийг ямар их ядрааж, цөхрөөдөг талаар бодитоор төсөөлөн буулгасан гайхалтай зурагт ном.
Эцэг эх, хүүхэдтэй ажилладаг хэн бүхэн энэ номоор дамжуулан Жэннид ямар мэдрэмж төрж байсан талаар асуулт асууж, тэдэнд бас адил мэдрэмж төрдөг эсэх талаар ярилцаж болох юм. Номын талаар хүүхдийн алдартай зохиолч, сэтгэл зүйч, зөвлөгч нарын олон эерэг сэтгэгдлийн бид интернэтээс харах боломжтой.
Тэдний нэг болох Фэйги Либерман хүүхдийн номын зохиолч хэлэхдээ “Энэ номыг хүүхэд нь сэтгэлийн түгшүүртэй байгаа ээж бүр унших ёстой ном. Бид олон удаа хүүхдээ засах, эмчлэх гэж бусад хүмүүс рүү гүйдэг. Хүүхдийнхээ эхийн хувьд танд хүүхдэдээ туслах төрөлхийн хүч байдаг. Хүүхдийнхээ сэтгэлийн түгшүүр, санаа зовнилыг ойлгож, хүлээн авахад бодит хэрэгсэл болон ашиглагдах энэ ном надад маш их таалагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.